Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээлэл, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, энгийн, хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршдог.
Тус хөтөлбөрийн хүрээнд биет эрх зүйн хөтөч бэлтгэх багц сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд дүүргийн 12 албан хаагч хамрагдаж, гэрчилгээгээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэлээс гардан авлаа.
Эрх зүйн хөтөч нь иргэдтэй ойр байж нийт иргэд, ялангуяа зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, насанд хүрээгүй хүмүүс, ахмад настан, малчдад эрх зүйн мэдлэгийг хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэж буй нь эрх зүйн туслалцааны үндэсний сүлжээ тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой юм.