Налайх дүүрэг

ЛОГОНЫ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

ЛОГО БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ

Уралдааны удирдамж:

Налайхын их уурхайг улсын мэдэлд авсны 100 жил, Налайх дүүрэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зураач, уран бүтээлчдийн дунд логоны загвар бүтээх уралдааныг зарлаж байна.

Үндэслэл:

Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Пунцагцэрэн гэгч ноёны хамжлагын албат нутаглаж байсан Богд хан уулын зүүн, Баянзүрх хайрханы зүүн урд талын хойноосоо Налуу хөтлийг Налуугийн ухаа гэдэг байжээ. Энэ налуу хөтөл бэлчээр сайтай, тарвага зурам ихтэй, адуу мал багширсан, аянчин тарвагачны хөл хөдөлгөөн тасардаггүй нутаг байсан бөгөөд тарваганы ухсан нүхнээс “Хар алт” гарсан цагаас Налайхын түүх эхэлдэг.

 

Улсын нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын чулуун нүүрсний уурхайг улсын мэдэлд авахаас өмнө тус уурхайгаас нүүрс авдаг байсан тухай баримт байдаг.

...Олноо өргөгдсөний 11 дүгээр он 12-р сарын шинийн 5 бөгөөд Европын 1 сарын 3-ны өдөр Засгийн газраа олон яамны сайдуудад, Засгийн газрын зөвлөх түшмэл, нарийн бичгийн дарга, олон яамны зөвлөх, эрхэлсэн түшмэл намын гишүүн, эвлэлийн төлөөлөгч нар хуралдаж зөвлөлдөн тогтоосон 31-р хурлын бичгийн 4-р зүйлд:

“Цэргийн зөвлөлийн газраас цэргийн түлш хүрэлцэхгүй болсон учир Богд уулын сул унаж хатсан модыг зөөлгөн авч хэрэглүүлбээс болмуй хэмээснийг хэлэлцээд Богд хан хайрхан уул болбаас эрхэм сүлд тахилга бүхий эртнээс инагш эрхэмлэн шүтсээр ирсэн бөгөөд сул хатаж унасан модыг зөөж хэрэглүүлэхэд үл болох газар үгүй боловч үүгээр үүсгэвэр болгон бусад идэр залуу модыг огтолж сүйтгэх, будлиан гаргах болзошгүй учир энэ удаа түдгэлзэж, бэлхнээ Налайхын газар бүхий чулуун нүүрсийг зөөлгөн ирүүлж, хэрэглэх явдлыг эрхлэх газраас идэвхийлэн гүйцэтгэхээр тогтов... хэмээжээ.” (Эх сурвалж: Архивын Ерөнхий газар)

1922 оны 02 дугаар сарын 10-нд Ардын засгийн үед гадаадынханд олгосон уул уурхайн бүх концесыг хүчингүй болгож, ажиллаж байсан газрыг бүрэн зогсоосон тухай зарлаж, газрын баялаг эзэмшигч нараас татвар хураах дүрмийг баталжээ.

Энэ шийдвэрийг үндэслэн Хятад худалдаачдын ашиглаж байсан Налайхын чулуун нүүрсний газрыг улсын мэдэлд авч ашиглах ажлыг 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлэн ашиглуулах тухай шийдвэрлэснээр Налайхын уурхай улсын үйлдвэр болон ажиллаж эхэлжээ. 

Их уурхайг даган орон сууцны барилгууд, соёлын ордон, сургууль, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд, үйлдвэрүүд баригдаж цоо шинэ тосгон болон өргөжин хөгжиж эхэлсэн.

Ийн архивын баримтууд болон Налайхын уурхайг улсын мэдэлд авсан он тооллоор 2022 онд Налайхын их уурхай болон Налайх дүүрэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

Ерөнхий шаардлага:

Налайхын их уурхай болон Налайх дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий  4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн, өндөр нягтралтай бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

- Лого нь Налайхын их уурхай болон дүүргийн онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.

- График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.

- Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд  тод харагдана.

- Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт Odontuya@nad.ub.gov.mn, Odontuya0702@gmail.com цахим хаягаар ирүүлэх буюу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 214 тоот өрөөнд файл хэлбэрээр авчирч өгнө.

- Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.

- Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

- Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.

- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан лого нь дүүргийн өмч болно.

- Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.

- Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Бүтээл хүлээн авах хугацаа:

2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг хүртэл.

Шалгаруулалт:

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.nad.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар https://www.facebook.com/nalaikhzdtg фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд зарлана.

Шагнал:

Уралдаанд зөвхөн нэг шилдэг бүтээлийг шалгаруулах бөгөөд 500.000 төгрөгийн мөнгөн шагналтай.

Уралдааны талаар лавлах утас: 7023-3348, 91989008

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах: