Налайх дүүрэг

ЕРӨНХИЙ САЙД НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ерөнхий сайд тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын ажилтай танилцсаны дараагаар Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн талаарх товч танилцуулга болон тулгамдаж буй асуудлаар нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат мэдээлэл хийв. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор байгуулагдсан тус парк нь байгаль орчинд ээлтэй, бизнесийн таатай орчин бүхий, орчин үеийн үлгэр жишээ Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилготой юм. Тус газрын үйл ажиллагаа нь шинэ дэвшилтэт техник технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулах, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэхэд чиглэх юм байна. Одоогийн байдлаар паркийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимжиж 4.7км авто замын ажил мөн 1.6 км үерийн далангийн ажил хийгджээ. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад эрчим хүчний эх үүсвэр болон цэвэрлэх байгууламжийн /1000м3/-ийн 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болоод байгааг төслүүдийн удирдагч М.Халиунбат дурдлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн байгаа. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна. Үйлдвэр технологийн паркийг хуулийн хүрээнд ашиглалт менежмэнт, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркийн захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны үйлдвэрлэлийн паркийг судалж байна” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаад, нэн шаардлагатай эрчим хүчний эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн асуудлаар холбогдох яамны сайдуудтай уулзаж, шийдвэрлэхээр болов.

 

 

Хуваалцах: