Налайх дүүрэг

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ХҮҮХДҮҮДЭЭ БОЛСОН БОЛООГҮЙ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД БИТГИЙ СУРГА ГЭДГИЙГ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД УРИАЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих, дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо.

Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилт, бодлого, чиглэлийн талаар танилцуулж, ард иргэдийн санал, шүүмжийг сонссон юм. 
Тэрбээр хэлсэн үгэндээ: "Засгийн газар 4 асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Энэ бол хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүд. Бусад нь ажил хий, хөдөлмөрлө. Энэ үгийг ялангуяа залуучуудад хандаж хэлж байгаа юм шүү. Монголд залхуурал гэдэг шинэ төрлийн өвчин байна. Учир нь өдрийн 30, 40 мянган төгрөгний цалин өгье гэхэд ажиллах хүн олдохгүй байна гэдгийг ажил олгогч нар байнга хэлдэг. Би эцэг, эхчүүдэд нэг зүйлийг уриалмаар байгаа юм. Хүүхдүүдээ болсон болоогүй дээд сургуульд битгий сурга гэж. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэн байж болсон болоогүй цагаан захтан болгосноос инженер, мэргэжилтнүүд, ажиллах хүч болгож сурга гэдгийг уриалж байна" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ "Нийслэлийн удирдлагуудын зүгээс баримталж байгаа бодлого шийдлийн хүрээнд шат шатны төрийн албаны нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ил тод түргэн шуурхай болгох тэр хүрээнд төрийн үйлчилгээг хороонд хүргэх ажлууд хийгдэж байна.Энэ жилдээ багтаад иргэд оршин суугчид хорооноосоо хурууны хээгээр төрийн үйлчилгээг авдаг болно. Мөн нийслэлийн төсвийг хянах боломжийг нээж өглөө. Иргэдийнхээ дуу хоолойг сонсох асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж өгөх үүднээс нийслэлийн Засаг даргын явуулын оффис ажиллаж эхэллээ” хэмээсэн юм.

Иргэдийн зүгээс хилийн цэсийн асуудал, уурхайн нөхцөл байдал, дулаан хангамжийн асуудал, төмөр замын ашиглалтыг сэргээх зэрэг асуудлуудыг танилцуулж санал хэлж асуулт асуусан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайт нартаа танилцуулан судлах болно гэдгээ уламжилсан юм.
Ийнхүү 06 дугаар сарын 08-ны амралтын өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллахдаа олон чухал асуудлыг шийдвэрлэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонссон, мэдээлэл өгсөн үр дүнтэй айлчлал боллоо.

 

 

 

Хуваалцах: