Налайх дүүрэг

ХҮҮХДИЙН БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. 
Шуурхай зөвлөгөөнд дүүргийн 40 гаруй байгууллагын дарга, удирдах албан тушаалтнууд оролцож, цаг үеийн шуурхай мэдээлэл солилцов.
Өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг дарга 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.2 хувьтай байна.
Тухайлбал дүүргийн Засаг даргын 2019 оны А/170 дугаар “Хүүхдийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэжээний тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуваарийн дагуу 3 хэсэгт төрийн өмчийн 8, төрийн бус өмчийн -5 цэцэрлэг, төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 2 сургууль, 7 хорооны нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайгаар эрсдэлийн хяналт шалгалт хийн ажилласан байна. Хяналт шалгалтаар хүүхэд эрсдэлт нөхцөл байдалд орох 63 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна гэв.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт Эрүүл мэндийн төвд амбулаториар 3800 гаруй хүн үйлчлүүлсэн бол, 292 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн дүүргийн хүн ам 18 иргэнээр бүл нэмжээ. 
Тэгвэл Мэргэжлийн хяналтын хэлтсээс төлөвлөгөөт болон иргэдийн ирүүлсэн мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалтын талаар мэдээллээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гудамж талбай болон хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, засаж сайжруулах ажлыг зөрчилтэй байгууллагуудыг 06 сарын 25-ны дотор хийж дуусагах, мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж ажиллахыг онцгойлон анхааруулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. 
2019 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, батлагдсан хөрөнгийг бүрэн ашиглах зорилгоор мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын явцад гарсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын бүхий л үе шатуудад хяналт тавих, эрчимжүүлж ажиллах, Хороод өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны тохижилтын судалгааг хороо, гудамж талбай, сууц өмчлөгчдийн холбоо тус бүрээр гаргах, 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ны хүртлэх хугацаанд өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртлэх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аян өрнүүлж ажиллах зэрэг 15 үүрэг даалгаврыг өгсөн юм.

 

 

 

Хуваалцах: