Налайх дүүрэг

БАЙГУУЛЛАГЫН ДАРГА УДИРДЛАГУУДЫГ ЭЭЛЖИЙН АМРАЛТАА АВАХДАА ГАР УТСАА ЯМАГТ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХЫГ АНХААРУУЛЛАА

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 06 сарын 25-ны мягмар гаригт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн 14 хоногийн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 10 гаруй чиглэлээр цаг үеийн шинжтэй шуурхай үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд биелэлт 80 гаруй хувьтай байна.

Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төвийн дарга удирдлагууд холбогдох чиглэлээр тус тусын салбарын 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Сумьяа танилцуулгадаа: "Сүүлийн үед амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан архидалт нэмэгдэх хандлагатай байгааг дурдсан бол, Онцгой байдлын хэлтсээс гамшиг ослын 4, гал түймрийн 3 удаагийн дуудлагаар гарч ажилласан гэв. 
Мөн дараагаар нь ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Баттулга 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан бэлтгэл зохион байгуулалт болон төрийн байгууллагын бусад бодлогын асуудлаар танилцуулга хийсэн бол Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа эртнээс хангаж ажиллахыг санууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар олны дэм хүчээр босож байгаа цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулахыг нийт байгууллагын удирдлагуудад уриалаад энэ зун бороо хур их орох төлөвтэй байгаа учраас удирдлагуудыг ээлжийн амралтаа авахдаа гар утсаа салгахгүй байхыг сануулж, хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, гаргасан зөрчлийг арилгуулах, иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгааг анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг даалгавар болголоо.

Хуваалцах: