Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Уурхайчин залуус, Налайхчуудын тус дэмээр бүтэн нэг сарын хугацаанд сүндэрлэн боссон шинэхэн цэнгэлдэх хүрээлэндээ баяр наадмаа зохион байгуулснаараа онцлог байлаа.

Налайхын наадамд хүчит 256 бөх хүч үзэн барилдсанаас Завхан аймгийн харьяат "Сүлд” спорт хорооны бөх, аймгийн начин Доржготовын Батбаатар 8 даван түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн бол Увс аймгийн, "Увс нуур" дэвжээний бөх аймгийн арслан Навааны Хүрэлсүх үзүүрлэлээ.

Мөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Налайх дүүргийн харьяат, сумын заан Мөнхбатын Балжинням, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Энхболдын Нандин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Батдоржийн Эрдэнэдалай нар 5 давж “Аймгийн начин” цолтон боллоо.

Урианхай сурын харвааны эрэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, үндэсний сурын “Аймгийн мэргэн”, “Сүлд” спорт хорооны харваач, Спортын мастер Т.Одгэрэл тэргүүлсэн бол Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, “Мондэ” багийн харваач, Спортын мастер н.Баттулга, эмэгтэй төрөлд Дундговь аймгийн харьяат “Цахиур” багийн харваач, Спортын мастер н.Хатанболор нар тэргүүн байр эзэлжээ. 
Үндэсний сурын харвааны төрлүүдэд амжилт гарган түрүүлсэн харваачдад мөн “Аймгийн мэргэн” цол олгож, өргөмжлөл гардуулсан юм.
Налайх дүүргийн наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны газар газраас ирсэн шандаст хурдан хүлэг тоосоо өргөж, хурсан олон наадамчдаа баясгалаа.

 

 

Хуваалцах: