Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Эрдмийн гэрэлт өргөөндөө орж байгаа оюутан, сурагчид, 
Эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгчид,
Эцэг эхүүд та бүхэндээ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийг дээшлүүлж, сургалтын орчныг сайжруулах, хүүхэд гэр бүлийн хөгжлийг хангах чиглэлээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө томоохон бодлого, зорилтоо тусган хэрэгжүүлснээр багагүй үр дүнд хүрч ажиллаж байна. 
Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 7 сургуульд 7892 сурагч суралцаж байгаа бол нэгдүгээр ангид 846 хүүхэд шинээр элсэн суралцаж байна.
Бага боловсролын хамрагдалт 98.3, суурь боловсролын хамрагдалт 93.7 хувьтай байна. 
Төрийн болон хувийн өмчийн 13 цэцэрлэгт 2586 хүүхэд суралцаж хамран сургалт 70 хувьд хүрлээ. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 болон 3 дугаар хороонд 100, 150 ортой хүүхдийн цэцэрлэг баригдаж байна.
Тун удахгүй 120 хүүхдийн ортой цэцэрлэг 1 дүгээр хороонд ашиглалтад орно. 
“Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 3 дугаар хорооны 109 дүгээр бага сургуулийн өргөтгөл баригдаж байна.
Ирэх жилээс Голомт цогцолбор сургуулийн барилгыг шинэчилнэ. 
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 103 дугаар сургууль өнөөдөр автобустай боллоо. 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн 5-р хорооны Гандан-Уул чиглэлийн хүүхдүүдийг тээвэрлэнэ. 
Дүүргийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг амьдрах ая тухтай орчин өдөр ирэх тусам сайжирч байна. 
Цаашид сургууль цэцэрлэгийн барилга байшинг нэмэгдүүлэх, хамран сургалт болон оюутан сурагчдын сурлагын түвшинг ахиулж, үр дүнд хүрч ажиллах нь чухал юм. 
ЭХ ОРНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН ЭРХЭМ ХҮҮХЭД БАГАЧУУД, ОЮУТАН СУРАГЧИДДАА ЭРДМИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, СУРЛАГЫН ӨНДӨР ИХ АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: