Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ АЛТАНГАДАС ОДОНТ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

09 дүгээр сарын 01-ний өдөр бол хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баярын өдөр билээ.
Өнөөдөр дүүргийн ЕБС-иуд болон Налайх дахь МСҮТ-ийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Алтангадас одонт МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, амьдралын нэгэн шинэ хуудсаа эхлүүлж мэргэжилтэй ажилтан болохоор сонголтоо хийж ирсэн оюутан суралцагчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсэн ерөөлөө.

Мөн тус арга хэмжээнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Мандуул, тус сургуулийн захирал Ц.Сонгууль болон эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 20 орчим мэргэжлээр сонгон суралцахаар олон залуучууд элсэн оржээ. 
Дашрамд дурдахад Налайх дахь МСҮТ хичээлийн шинэ жилээ өндөр амжилт бүтээлээр угтан золгож байгаа аж.

Энэ онд тус сургуулийн түүхт 65 жилийн ой тохиохоос гадна #WorldSkills2019 Дэлхийн ур чадварын 45-р тэмцээнд тус сургуулийн оюутан Т.Цогтсайхан, Э.Рэнчин-Очир, эксперт багш Ж.Уранцэцэг, ажиглагч багшаар Д.Туул нар амжилттай оролцоод ирсэн байна. 
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Т.Цогтсайхан, Э.Рэнчин-Очир нарыг нийслэлийн ГБХЗХГ-ын алтан медалиар шагнаж урамшуулсан юм.
Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга, Налайх дахь МСҮТ-ийн ТУЗ-ийн дарга Ч.Раднаабазар сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.

 

 

Хуваалцах: