Налайх дүүрэг

"АЛТАН НАМАР" УРГАЦЫН БАЯР, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөрийн хүрээнд “Алтан намар” ургацын баяр, өдөрлөгийг өнөөдөр /09.20/ дүүргийн төв талбайд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг хэлсэн үгэндээ: “Өрхийн тариалалтыг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгох, өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлэхийн тулд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Үржил шимт Налайхынхаа хөрсөнд олон төрлийн жимс жимсгэнэ, мод бут тарьж ургуулан үр дүнг нь хүртэж, иргэддээ дэлгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Өөрийн гараар тарьж ургуулсан жимс хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол хөдөлмөрлөсний ач тус юм. Дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд хамтдаа зүтгэцгээе” гэв.
“Алтан намар” ургацын баяр, өдөрлөгийг дүүргийн ЗДТГ-аас Цэцэрлэгжүүлэлтийн алба, 7 хорооны ажлын алба, СӨБ-ын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд 7 хорооны иргэд зохион байгуулалттайгаар оролцож, жимс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа явууллаа.

 

 

Хуваалцах: