Налайх дүүрэг

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦСАН 800-ГААД ХҮҮХДЭД "ПАНДА" ЦҮНХ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /09.25/ холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцсан сурагчдад хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх бэлэглэлээ.

Тус бэлгийг БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлсэн “Хайрын илгээмж” төслийн хүрээнд олгож байгаа юм. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, “Голомт” цогцолбор сургууль, 119-р сургууль, 109-р сургууль, 103-р сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа 968 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бүхий Панда цүнхийг гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон тус сургуулиудын захирал, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа бяцхан сурагчид оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Налайх дүүрэг маань боловсролын түвшингээр 9 дүүргийн 9-д олон жил жагсдаг байсан. Чадварлаг багш-Чанартай боловсрол төслийг хэрэгжүүлж, багш сурган хүмүүжүүлэгчид идэвх санаачилга гаргаж, өөрсдийгөө дайчилж ажилласны үр дүнд хүүхдийн сурлагын үнэлэмж дээшилж байна.
Мөн багш нарын чадамж нэмэгдэж байна. Энэ хэрээр дүүрэг, нийслэлийн улсад эзлэх байр урагшилж байна.
Налайх дүүрэг маань улсад 11-д, нийслэлд 5-д жагссан. Энэ бол та бүхний зүтгэл юм” хэмээгээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй “Монгол, Хятад хоёр улс эртний уламжлалт найрамдалт харилцаатай билээ. Энэхүү “Хайрын илгээмж” төсөл нь хоёр улсыг холбосон дахин нэг нөхөрлөлийн гүүр болно гэдэгт итгэж байна. Энэ төсөл Монгол Улсад албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Налайх дүүрэгт нэгдүгээр ангид элсэн орсон бүх сурагчдад цүнх бэлэглэж байна” гэв.

Панда цүнхэнд үндсэн хичээлийн хэрэгсэл болон дүрслэх урлагийн хэрэгсэл, жуоньсон тоглоом, өдөр тутмын хэрэгцээт зүйлс гэсэн үндсэн таван төрлийн хичээлийн хэрэгсэл багтсан байна.

 

Хуваалцах: