Налайх дүүрэг

С.АМАРСАЙХАН: НУТАГ ОРНЫГ СҮЙДЭЛСЭН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАНА

Хотын даргын Явуулын оффис 09 сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт ажилласан.
Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох агентлаг, газруудын төлөөлөлтэй бүтэн нэг өдрийн туршид дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзан, сургууль, эмнэлгээр зочиллоо.
Энэ үеэр нэгдүгээр ангид элсэн суралцсан 800 гаруй хүүхдэд "панда" цүнх гардуулсан бол, Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд зориулсан 2 ч автомашины түлхүүрийг хүлээлгэн өгсөн юм.
Дараагаар нь дүүргийн удирдах ажилтнуудтай мэдээлэл солилцох уулзалт хийж, цаг үеийн асуудлаар шуурхай үүрэг даалгавар өглөө.


Тэрбээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: "Төрийн албан хаагчид ажилдаа эзэн болж, иргэдийн санал гомдлыг барагдуулах, шуурхай ажиллах тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Дүүрэгтээ тулгамдаж байгаа асуудлуудыг яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгч байна. Хогийн цэг болон газрын асуудалтай холбоотой асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж танилцуул. Мөн төмрийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, ҮТП-д нүүлгэх ажлыг зохион байгуулж ажиллахыг онцгойлон анхааруулж байна.
Налайх дүүрэг бол хогийн сав биш гэдгийг би удаа дараа хэлж байна. Тийм ч учраас нутаг орныг сүйдэлсэн, нөхөн сэргээлтээ хийдэггүй хариуцлагагүй үйлдвэрүүдийг хаах шийдвэрийг гаргана. Нэн ялангуяа төмөр, цемент, тоосгоны үйлдвэрүүд байна. Байгаль орчныг ашигласан бол буцаагаад нөхөн сэргээлтээ хийдэг байх ёстой" гээд дүүргийн удирдлагууд болон зарим холбогдох байгууллагын удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 

 

Хуваалцах: