Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

"БОЛОВСРОЛЫН ЧАНАРААР НАЛАЙХ ДҮҮРЭГ УЛСАД 11-Д ЖАГСАЖ ЭХЭЛСЭН НЬ БАГШ НАРЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ҮР ДҮН ЮМ"

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид аа.
Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, боловсролын салбарт эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье.
Дүүргийнхээ ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн маань үүрч байдаг билээ.
Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 7 сургуульд 7892 сурагч суралцаж байгаа бол нэгдүгээр ангид 846 хүүхэд шинээр элсэн суралцаж байна.
Бага боловсролын хамрагдалт 98.3, суурь боловсролын хамрагдалт 93.7 хувьтай байна.
Төрийн болон хувийн өмчийн 13 цэцэрлэгт 2586 хүүхэд суралцаж хамран сургалт 70 хувьд хүрлээ.
Налайх дүүрэг маань боловсролын түвшингээр 9 дүүргийн 9-д олон жил жагсдаг байсан. Дүүрэгтээ багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор “Налайхын боловсрол-2020” хөтөлбөрийг багш нараараа хэлэлцүүлэн амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ багш, сурган хүмүүжүүлэгчид идэвх санаачилга гаргаж, өөрсдийгөө дайчилж ажилласны үр дүнд хүүхдийн сурлагын үнэлэмж дээшилж байна. Мөн багш нарын чадамж нэмэгдэж байна. Үүний тод илрэл бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр Налайх дүүрэг маань улсад 11-д, нийслэлд 5-д жагссан. Энэ бол багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 болон 3 дугаар хороонд 100, 150 ортой хүүхдийн цэцэрлэг баригдаж байна.
Тун удахгүй 120 хүүхдийн ортой цэцэрлэг 1 дүгээр хороонд ашиглалтад орно. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах ёстой 3700 гаруй хүүхдээ бүрэн хамруулж чадах юм.
“Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 3 дугаар хорооны 109 дүгээр бага сургуулийн өргөтгөл баригдаж байна.
Ирэх жилээс Голомт цогцолбор сургуулийн барилгыг шинэчилнэ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 103 дугаар сургууль автобустай болсон. 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн 5-р хорооны Гандан-Уул чиглэлийн хүүхдүүдийг тээвэрлэнэ.
Энэ мэтчилэн боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийг дээшлүүлж, сургалтын орчныг сайжруулах, хүүхэд гэр бүлийн хөгжлийг хангах чиглэлээр багагүй үр дүнд хүрч ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах, сургалтын ая тухтай орчинг бүрдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох, сурлагын түвшинг ахиулах талаар шинэ шинэ амжилт гаргаж, улсын тэргүүний салбарын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.
Та бүхнийхээ соён гэгээрүүлэх их үйлсэд тань амжилт хүсэж, эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Эрдэм номын буян дэлгэрэх болтугай!

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: