Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 13 ДУГААР ХУРАЛДААНД ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ /бүрэн эхээрээ/

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаа
Төлөөлөгч эрхэм нөхөд өө.
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Налайх дүүрэг нь иргэнээ дээдэлсэн, ажилтай, орлоготой, авлигаас ангид, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий аялал жуулчлалын төв дүүрэг болно.
Энэ бол та бидний 3 жилийн өмнө хамтдаа дэвшүүлсэн эрхэм зорилго билээ.
Ард иргэдийнхээ итгэл дэмжлэгийг бүрэн хүлээж ажлаа эхлүүлэн, Налайх дүүргээ 2016-2020 он хүртэл хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө та бүхнээрээ батлуулж ажлаа эхлүүлснээс хойш 3 жилийг ардаа үдэх гэж байна.

2016-2020 он хүртэл хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг
-Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх
-Ирээдүйн жишиг хот Налайх
-Эрүүл орчинтой Налайх
-Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх
-Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 үндсэн бүлэг, 29 зорилт, нийт 159 заалттайгаар боловсруулан батлуулсан.
Өнгөрсөн 2017, 2018 оны зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, та бүхнээсээ “хангалттай” гэсэн үнэлгээг авсан бол, өнгөрсөн 2018 онд нийслэлд ч мөн ажлаараа тэргүүлсэн амжилт үзүүлж чадсан нь та бидний хүчин чармайлт, хамтын ажиллагааны үр дүн юм.
2016-2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 тэрбум 793 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн бол
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 тэрбум 642 сая төгрөгөөр 46 төсөл арга хэмжээ
2016-2019 онд Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 866.8 сая төгрөгөөр 16 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Тэгвэл Дүүргийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум 114.8 сая төгрөгөөр 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Энэ бол ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ татаж чадсан, хэрэгжүүлж чадсан амжилт гэж бодож байна.
2019 онд “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө хамтдаа” уриа дэвшүүлэн бүх шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийнхээ санал санаачилгыг ажилдаа тусган хэрэгжүүлэхийг зорьж ажиллалаа.
“Засаг даргын Явуулын өрөө”- улирал тутам зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулан, айл өрх, хороо, гудамж талбайд төрийн үйлчилгээ хүрч, иргэдийнхээ саналыг сонсож байна.
Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 171 ажлын хэрэгжилтийг хагас жилийн байдлаар дүгнэж үзэхэд 54,39 %-тай байна.

Үүнийг зорилт тус бүрээр ангилбал:
- “Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх” бүлэг -53,57 %
- “Ирээдүйн жишиг хот Налайх” бүлэг -56,13 %-
- “Эрүүл орчинтой Налайх” бүлэг -56,67%-
- “Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх” бүлэг -53,68%-
- “Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх” бүлэг -53,7%-тай байна.

Энэ онд Улс, Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтаар нийтдээ 70 гаруй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эдгээрээс 2019 онд хэрэгжүүлсэн онцлох томоохон ажлуудыг дурдья.
Өнгөрсөн зуны хугацаанд Налайхчууд нэгдэн чадвал ямар ч ажлын ард гарч чаддаг гэдгийг бусад дүүргүүддээ, нийслэлдээ батлан харуулж чадсан.
Энэ бол Цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил юм.
Дүүргийн “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд 5800 гаруй иргэн, 600 аж ахуйн нэгж байгууллага оролцсон байна.
6.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх 5000 хүний суудалтай задгай цэнгэлдэх хүрээлэнгийн ажлыг олон нийтийн оролцоотойгоор 753.5 сая төгрөгийн бэлэн болон эд материалын тусламж дэмжлэгээр, аж ахуйн аргаар 60 %-ыг гүйцэтгэсэн.
Уг ажилд нийслэлээс 150 сая төгрөг, дүүргээс 100 сая төгрөгийн шийдвэрлэж түүчээлэн дэмжсэний хүчинд будаг нь үнэртсэн шинэхэн цэнгэлдэхдээ Налайхчууд бид баяр наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн.

Дараагийн онцлон тэмдэглэж хэлэх ажил бол Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын ажил.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дарга уйгагүй хөөцөлдсөний үр дүнд өнгөрсөн 6 сараас ажил нь эхэлсэн. Тун удахгүй сар хүрэхгүй хугацааны дараа ашиглалтад орох гэж байна.

Мөн Улаанбаатар-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Барилгын материал үйлдвэр технологийн парк хүртэлх 4,7 км хүнд даацын автозамын барилгын ажил эрчимтэй хийгдэж байна.
Үүнээс гадна 2 дугаар хорооны 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын ажлыг ашиглалтад оруулсан.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Бөмбөрцөгөөс Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4,4 км авто замыг шинэчлэх ажил хийгдэнэ.
2019 онд багтаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа спорт цогцолборын барилгын ажил ашиглалтад орно.

Энэ онд Боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажил ундарсан жил болж байна.
109 дүгээр сургуулийн 288 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг Жайка ОУБ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
1 дүгээр хороонд 150 ортой цэцэрлэгийн барилга барих
3 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга барих ажлууд үргэлжлэн хийгдэж байна.
Тун удахгүй 1 дүгээр хороонд 120 ортой цэцэрлэг ашиглалтад орох гэж байна.
Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 90 гаруй хувьд хүргэж чадах юм.

Налайх дүүргээ бүрэн гэрэлтүүлэх зорилгоо та бид маш амжилттай хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн 2018 онд 399 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бол, энэ онд 1000 гаруй гэрэлтүүлэг шинээр хийгдэж байна.
Мөн нийслэлийн 326,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 8 байршилд явган зам тавилаа.
Энэ мэтчилэн салбар бүрт бодлогын зорилтуудаа үр шаттай хэрэгжүүлж байна.
Батлуулан хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүд ч эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байгаа нь өсөн нэмэгдэх эерэг тоо баримтаас харж болно.
Налайх дүүрэг маань боловсролын түвшингээр 9 дүүргээсээ 9 дүгээр байрт олон жил жагсдаг байсан. Дүүрэгтээ багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор “Налайхын боловсрол-2020” хөтөлбөрийг багш нараараа хэлэлцүүлэн амжилттай хэрэгжүүлсний үр дүнд хүүхдийн сурлагын үнэлэмж дээшилж, багш нарын чадамж нэмэгдэж байна. 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр Налайх дүүрэг маань улсад 11-д, нийслэлдээ 5 дугаар байрт жагсаж чадлаа.

2017 оноос Эрүүл мэндийн салбартаа томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсний үр дүн ч харагдаж байна.
Энэ жил л гэхэд Нийслэлийн төсвийн 514,9 сая төгрөгөөр Эрүүл мэндийн төвийн гадна талбайг иж бүрнээр тохижуулж байна.
Саяхан л гэхэд эрүүл мэндийн төвд 2 автомашин олгосон. Ингэснээр 2017 оноос хойш нийтдээ 6 машиныг шинэчилж чадсан байна.

Налайх дүүрэг маань Олон улсын 25 байгууллагатай тогтвортой хамтран ажиллаж, БНСУ, БНХАУ, Австрали, Япон зэрэг 5 улсын 10 хот, дүүргүүдтэй эрчимтэй харилцаатай байна.

Эрхэм төлөөлөгч нөхөд өө.
Энэ мэтчилэн та бидэнд хамтдаа зорьж, төлөвлөж, хийж хэрэгжүүлсэн ажил багагүй бий.
Зорьсон төлөвлөснөө бүрэн хэрэгжүүлж, ард иргэддээ дүнгээ тавиулахад ганцхан жилийн хугацаа үлдээд байна.
Дүүргийн маань иргэд их хариуцлагыг бидэнд хүлээлгэсэн. Одоо бидэнд орхигдсон болон үлдэж буй ажилдаа ханцуй шамлан орж төлөвлөсөн, зорьсон зорилтынхоо эцсийг үзэх их хүлээлт, хариуцлагын жил ирж байна.

“Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” та , бид хамтдаа зүтгэцгээе.
Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.

Хуваалцах: