Налайх дүүрэг

2019 ОНЫ АЖЛААРАА "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" ҮНЭЛЭГДЛЭЭ

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдсан.

Хуралдаанаар дүүргийн 2019 оны төсөвт нэмэлт тодотгол хийх тухай, дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх тухай, дүүргийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай, дүүргийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хэлэлцэх тухай, дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, дүүргийн 6 дугаар хороог “Тэрэлж” тосгон болгон хөгжүүлэх тухай гэсэн асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар илтгэл тавьлаа.

Тэрбээр илтгэлдээ: Бид дүүрэгтээ “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” уриа дэвшүүлэн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ 5 бүлгийн 170 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусган, амжилттай хэрэгжүүллээ. Энэ онд хийж хэрэгжүүлэхээр зорьсон төлөвлөсөн ажлаа жилийн эцсийн байдлаар дүгнэж үзэхэд 90 гаруй хувийг давуулан биелүүлжээ.
2019 он Налайхчууд бидний хувьд нийслэлдээ болон салбар салбартаа амжилт дагуулсан жил болж өнгөрч байна. Хэдхэн хоногийн өмнө улсын хэмжээнд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр Налайх дүүрэг маань 95 %-тай амжилттай дүгнэгдлээ.
Саяхан л гэхэд нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Манай хороо-Миний гудамж” аянд Налайхчууд бид бүхэн амжилттай оролцон, нийслэлийн 9 дүүргээс 3 дугаар байрт шалгарсан. Энэ бол хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхдээ таатай байна.
Нийслэлийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагчийн баг” шалгаруулах болзолт уралдаанд 2 дугаар хороо тусгай байр, 3 дугаар хорооны баг тусгай байр, “Манай хороо-Миний гудамж” болзолт уралдаанд 2 дугаар хороо хошой дэд байр, 7 дугаар хороо тусгай байрыг эзлэн амжилттай ажиллаж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн салбарт Налайх дүүргийн гэрт хүрэх үйлчилгээ шилдэг сайн туршлагаар шалгарлаа.
Боловсролын салбарын хамт олон маань ч чанарын үзүүлэлтийг ахиулсан амжилтаар нийслэлдээ шилдгээр шалгарсан бол, иргэдийн спортын их наадамд Налайхчууд маань 2 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн.
Энэ мэтчилэн бидэнд хамтдаа гаргасан амжилт бүтээл арвин их байна.
Налайхчууд бид нэгдэн нийлж бүтээн байгуулалтыг өрнүүлж чаддаг гэдгийг цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлаар батлан харуулж чадсан. Иргэдийнхээ санал санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгосон бодит жишээ энэ юм. Мөн Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто зам сарын өмнөхөн ашиглалтад орж, жил жилийн сонгуулийн шоу болдог сэдэв бодит утгаараа хэрэгжлээ" хэмээгээд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Дүүргийн ИТХ-ын XIV хуралдаанаар Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 92,4 хувьтай буюу "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" үнэллээ.

 

 

Хуваалцах: