Налайх дүүрэг

ХҮҮХДИЙН ХОЛБООНЫ СУРАГЧДЫГ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Налайх дүүргийн Хүүхдийн холбооны сурагч хүүхдүүдийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан санал солилцлоо.
Хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсох, гаргасан санал санаачилгыг нь ажил хэрэг болгох, зорилт төлөвлөгөөндөө тусгах зорилгоор "Нарны хүүхдүүд-2019" дүүргийн 8 дугаар чуулганыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Тус чуулганаас гаргасан зөвлөмж, санал санаачилгыг ажил хэрэг болгон хийж хэрэгжүүлэхээр зорилт төлөвлөгөөндөө тусгасан гэдгээ дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулахын зэрэгцээ Хүүхдийн холбооны сурагч хүүхдүүдтэй нээлттэй ярилцлага өрнүүллээ.


Хүүхдийн холбооны тэргүүн, Голомт цогцолбор сургуулийн сурагч Г.Ууганцэцэг: "Хүүхдүүд бидний үгийг сонсож, гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа танд юуны өмнө талархлаа илэрхийлье. Бид бүхэн энэ онд ажиллах зорилт төлөвлөгөөгөө гаргасан. 2020 ондоо өв соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр аян зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хүүхдийн чуулганаас гарсан зөвлөмжид тусгагдсаны дагуу олон ажлыг дүүргийн удирдлагуудтайгаа хамтран хэрэгжүүлэх болно" хэмээгээд дүүргийн Засаг даргыг Налайх дүүргийн Хүүхдийн элчээр ажиллуулах саналтай байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Засаг дарга Ч.Раднаабазар хүүхдүүдийн саналыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсний зэрэгцээ сурагч хүүхдүүддээ сурлагын амжилт хүсэн ерөөлөө.

Дашрамд дурдахад "Нарны хүүхдүүд-2019" дүүргийн 8 дугаар чуулганд оролцогч хүүхэд, багачуудын зүгээс удирдлагуудад, эцэг эхчүүдэд, байгууллага аж ахуйн нэгжүүдэд, хүүхдүүд бид өөрсдөө гэсэн 5 чиглэлийн хүрээнд зөвлөмж гаргаж, танилцуулсан юм.
Тухайлбал насанд хүрээгүй хүүхдэд архи тамхи худалдаалахгүй байх хуулийг дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд хэрэгжүүлж ажиллах, сургуулийн орй орчимд худалдаалагдаж байгаа гуанз, дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, сургуулийн ойр орчимд цахим тоглоомын газар ажиллуулахгүй байх зэрэг санал санаачилгыг гарган танилцуулж байсан юм.

 

 

Хуваалцах: