Налайх дүүрэг

ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ГУРАВДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

Улсын онцгой комисс хуралдан Коронавируст халдварын нөхцөл байдал, авч байгаа хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг сонсов. Хэдийгээр өвчлөл бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байгаа учир Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа. Энэ дагуу улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоохоор болов. Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах юм. Эм, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэгт шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Коронавируст халдварын нөхцөл байдал болон авч байгаа хариу арга хэмжээний талаархи албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яам тогтмол өгч байх юм. Харин олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг Улсын онцгой комисс иргэдэд уриаллаа.


Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд:

- Өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх

- Зорчсон хүнд 14 хоногийн дотор өдөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт хандах

- Амны хаалт тогтмол зүүж хэвших

- Гараа тогтмол савандаж угаах

- Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах

- Бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх

- Дархлаа сайжруулах амин дэм хэрэглэхийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна.

Мөн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн Засаг даргаас нийслэлийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид маск зүүж, гар барихгүй байхыг нэн даруй хэвшүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.

"Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглон бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах” зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан комиссын гишүүдэд өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэн яаралтай хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Хуваалцах: