Налайх дүүрэг
Коронавирусын халдвартай холбогдуулан Засаг даргын орлогч, дүүргийн Онцгой комиссын гишүүн Х.Анхбаяр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Засаг даргын орлогч Х.Анхбаяр дүүргийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэл хүргэсэн бол, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

БНХАУ-д илрээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон.
Мөн иргэдийг амны хаалтыг байнга зүүж хэвшихийг анхааруулж сануулж байгаа. Үүнтэй холбоотойгоор дүүргийн эмийн сан, аптикуудад амны хаалтын нөөц хязгаарлагдаж байна. Тиймээс амны хаалт болон гар ариутгагч, бусад эмийн нөөц бүрдүүлэх, үнийн хөөрөгдлийн асуудлаар санал солилцлоо.
Эмийн сангийн үйлчилгээ эрхлэгчдийн мэдээлснээр: "Дүүргийн хэмжээнд амны хаалт, гар ариутгагч бүрэн тасарсан асуудал байхгүй. Коронагийн дэгдэлт эхэлсэн гэсэн мэдээллээр иргэд олноор нь авч нөөцөлж эхэлсэн ч бид нэг иргэнд 5-10 ширхэгээс дээш маск худалдаалахгүй байгаа. Дүүрэг гэлтгүй нийслэлийн хэмжээнд амны хаалтны хомсдол бий болж байгаа ч бид бололцооны хэрээр ханган нийлүүлэгчээс авч, худалдаалж байна. Үнийн хөөрөгдлийн хувьд эмийн санчид ярьж байгаад өндөр үнээр зарж байна гэсэн ойлголт иргэдийн дунд мэр сэр байна. Бид ч эрүүл мэндийн салбарын хүмүүс учраас ханган нийлүүлэгчээс авч байгаа үнээр шахуу борлуулж байна" гэв.

Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал танилцуулгадаа: "Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар 70 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хувьд ч амны хаалтны хүрэлцээ, нөөц дуусаж байна. Та бүхэндээ хандаж хэлэхэд ЭМЯ-наас өгч байгаа мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжүүдийг эмийн сангийн үйлчилгээгээр дамжуулан иргэдэд сайн хүргэхэд анхаарч хамтарч ажиллахыг хүсэж байна" гэв.
Уулзалтын төгсгөлд амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай материалын нөөц бүрдүүлэхэд хаа хаанаа онцгойлон анхаарах, хоорондын уялдаа холбоогоо илүү сайжруулж мэдээлэл тогтмол солилцох, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарах, зөвлөгөө, зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

