Налайх дүүрэг

АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд найман хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо ажиллаж, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн.
Налайх дүүргийн Оргил худалдааны төвийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай өнөөдөр /2020.02.13/ Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.

Тус өргөтгөсөн постоор зүүн болон урд чиглэлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт тандалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс хамтарсан баг хийж байна.
Нэгдүгээрт сэжигтэй байж болзошгүй иргэдийг илрүүлэх, хоёрдугаарт гахай болон тахиа, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг оруулахгүй байхын зэрэгцээ нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буй юм.
"Зарим тохиолдолд иргэд халуунаа хэмжүүлэхгүй, хаалга цонхоо онгойлгож өгөхгүй, бухимдалтай хандаж байгаа явдал гарч байна. Амны хаалтаа зүүгээгүй тохиолдлууд ч олон байна. Бид бүхний зүгээс иргэдийг удаан хүлээлгэхгүй, түргэн шуурхай ажиллах тал дээр анхаарч, иргэдийн халууныг хэмжиж, учир шалтгааныг тайлбарлаж өгөөд явуулж байна. Цагдаа, Онцгойтой хамтарч энэ багаараа маргааш өглөө хүртэл 24 цаг үүрэг гүйцэтгэнэ. Нийслэл болон дүүргийн Онцгой комиссоос бидний үйл ажиллагаанд байнга хяналт тавьж байгаа" хэмээн ээлж хариуцсан Налайх Эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга Ш.Энхбаатар, Өрхийн менежер эмч н.Гомбосүрэн нар тайлбарлалаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 24 цагийн ээлжинд ажиллаж байгаа албан хаагчдыг өөрсдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд онцгой анхаарч иргэдэд зөв тайлбарлан, мэдээлэл өгч бухимдал үүсгэхгүйгээр шуурхай ажиллахыг санууллаа.

Монгол Улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй боловч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж иргэдээс асуумж авах ба зарим тохиолдолд үзлэг хийнэ. Иймээс нийслэл хот руу нэвтэрч буй зорчигчид та бүхэн энэхүү үйл ажиллагаанд хүлээцтэй хандаж, асуумжид үнэн зөв хариулах нь халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой тул дэмжин ажиллахыг уриалж байна.

ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!

 

 

Хуваалцах: