Налайх дүүрэг
Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэлсэн байна. 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Хотын Захирагч Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ замд баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар холбогдож албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллаад, тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост болох Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан.

Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд Тамгын газрын байранд хүлээн авч, шинэ төрлийн цар тахал болох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэлээ.

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар Дүүргийн хэмжээнд Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаагаа илэрхийлж, Налайх дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскны хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг дурдаад дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэлээ. Мөн энэ онд Налайх дүүрэгт нийслэлийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тиймээс дотоод зохион байгуулалтын ажлаа эртнээс анхаарч хаврын цагт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахлаас иргэн бүр төрийн засгийн шийдвэрийг биелүүлж хариуцлагатай хандаж эрсдэлийг даван туулах боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн амны хаалт буюу маск зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд хомсдож байгаа учраас өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулсан юм.
Мөн энэхүү уулзалтын үеэр нийслэлийн харьяа байгууллагын удирдлагууд Налайх дүүрэгт салбар тус бүрээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.