Налайх дүүрэг
Налайх дүүрэгт Цэргийн оёдлын үйлдвэр ажиллаж байсныг Налайхчууд сайн мэднэ.
Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал 2019 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт ирж ажиллах үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүсэлт гарган, Онцгой байдлын албан хаагчдын дүрэмт хувцасны Оёдлын үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулах хүсэлт гаргасан.
Тус хүсэлт биеллээ олж, Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах албанд Онцгой байдлын албан хаагчдын дүрэмт хувцасны Оёдлын үйлдвэр байгуулагдаж байна.
Шинээр байгуулагдаж байгаа тус үйлдвэрийн үйл ажиллагаа, ажлын байртай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар танилцлаа.

Тус үйлдвэрт 50 гаруй хүний ажлын байр шинээр бий болж дүүргийн иргэд ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна.
Хотын захирагч С.Амарсайхан "Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа энэ цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд та бүхэн дүүрэгтэйгээ хамтран шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна" гэв.
Тиймээс нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг, нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болголоо.

