Налайх дүүрэг

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ГУДАМЖ ТАЛБАЙД ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРЭЭР АЖИЛЛАНА

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Тус хуралдаанд Урьдчилан сэргийлах ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч Х.Анхбаяр Онцгой комиссоос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэсэн бол, ЭМТ-ийн дарга Л.Байгал өвчлөлийн өнөөгийн дэлхий нийтийн мэдээлэл хүргэж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байна гэв. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах зааварчилгааг танилцууллаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэл болон дүүргийн хэмжээнд төрийн албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллахаар боллоо.

Дүүргийн ЗДТГ-т Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хяналт тавих Шуурхай штаб байгуулагдан 02 сарын 20-ны өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж эхэллээ.
Дүүргийн 8 хороонд төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид хуваарийн дагуу эргүүлээр ажиллах бөгөөд мэдээллээ шуурхай штабт дамжуулан шуурхай мэдээлэл солилцож ажиллах юм.

Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх ба иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараах юм.

Иймд иргэд та бүхнийг эргүүл, жижүүрээр ажиллаж байгаа албан хаагчдын шаардлагыг биелүүлж, халдварын эсрэг хамтдаа хүчээ нэгтгэхийг уриалж байна.
Мөн баяр, амралтын өдрүүдэд өөрийгөө болон хайртай гэр бүлээ халдвараас хамгаалж зочин урихгүй, айлд зочлохгүй гэртээ уламжлалаа хадгалан сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

 

Хуваалцах: