Налайх дүүрэг

НИЙТИЙН ТЭЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД УДАА ДАРАА УЛАМЖИЛЛАА

Улсын Онцгой комиссын шийдвэрээр авто замыг хаасан шийдвэрээ сунгасан.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж хязгаарлалт тогтоосон ажлын өдрүүдэд тодорхой цагуудад нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаар болсон.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас баталсан хуваарийн дагуу Налайх дүүрэгт 4 автобус өглөө, оройны тодорхой цагуудад үйлчилж байна.
Иргэдийн санал, шүүмжлэлийн мөрөөр дүүргийн Онцгой комиссоос нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт удаа дараа автобусны тоог нэмэгдүүлж өгөх хүсэлтийг гаргаад байгаа хэдий ч нийслэлийн хэмжээнд бүх хэсэгт хязгаарлалт тогтоосон гэдгийг сануулаад нэг автобус нэмэлтээр гаргахаар болсон байна.


Дүүргийн шуурхай штаб өнөөдөр хүч нэмэгдүүлэн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нар хүндэтгэх шалтгаантай, ажил явдал гарсан, эрүүл мэндийн шалтгаантай, албан ажилтай зарим иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.
Дашрамд хэлэхэд хөл хорио тогтоосон, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед иргэд хулгайн замаар зорчих, хулгайгаар такси үйлчилгээ эрхлэх зэрэг зөрчлүүд ихээхэн гарч байна. Иймээс Улсын Онцгой комиссоос өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах, торгох, тээврийн хэрэгслийг журамлах, цаашлаад жолоочийн эрх хасах хүртэл арга хэмжээ авах юм байна.
Иймд иргэд та бүхнийг улс, нийслэлийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэрүүдийг хэрэгжүүлэн, хүлээцтэй, тэвчээртэй байж, коронавирусын халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж байна.
Одоо Засаг даргын Тамгын газарт Цагдаагийн хэлтсийн даргаар ахлуулсан шуурхай штаб мэдээлэл хүлээн авч нэгтгэн нийслэлийн Шуурхай штабт мэдээлэл дамжуулан хяналт тавьж 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байгаа бол, Оргил Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх постуудад Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын албан хаагчид тээврийн хэрэгсэлд хяналт тавих, иргэд зорчигчдын халуун хэмжих, зөвлөмж сэрэмжлүүлэг өгч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.
Та, бид хамтдаа хичээж байж халдвараас сэргийлж чадна.
МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙГ.

Хуваалцах: