Налайх дүүрэг

ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТРАН АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ

Монгол Улсад коронавирусын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Улс, Нийслэл болон дүүргийн онцгой комиссоос шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Үүний хажуугаар иргэдэд худал хуурмаг мэдээлэл түгээх, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх, зохиомол хомсдол үүсгэх зэрэг хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүд гарч байна.

Тиймээс дүүрэгт хүүхэд, залуус руу чиглэсэн үйл ажиллагаа идэвхтэй зохион байгуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөллүүдийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзалт санал солилцлоо.


Уулзалтад “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Налайх дахь салбар, “Налайх Лиг”-ийг зохион байгуулагч Спортын нэгдсэн холбоо, “Нэг Налайх” төслийн баг, “Налайхын Казах залуучуудын холбоо”-ны удирдлагууд оролцсон юм.

Уулзалтын эхэнд дүүргийн Онцгой комиссын зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрээ танилцууллаа.


Хаа хаанаа хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан онцгой нөхцөлд иргэдэд үнэ зөв, бодитой мэдээ мэдээлэл түгээх, халдвар хамгааллын талаар зөв зохистой уриалга гаргах зэрэг тал дээр хамтарч ажиллах санал тавьсныг залуусын төлөөлөл дэмжин халдварын эсрэг хүчээ нэгтгэж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

 

 

Хуваалцах: