Налайх дүүрэг
Ковид-19 коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан хүнсний дэргүүр, худалдааны төвүүдээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж байгаа талаар иргэдийн зүгээс санал шүүмжлэл ирүүлсэн.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Налайх зах болон Очир худалдааны төв зэрэг зарим нэг хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр орж, хүнсний нөөц хэр байгаа, үнийн хөөрөгдөл үүсгэх нөхцөл зэрэгтэй газар дээр нь танилцлаа.

Бизнес эрхлэгчдийн зүгээс хэлэхдээ: "Өчигдөр иргэд нэг хэсэг бужигнаж хүнсний худалдан авалт хийсэн. Гэхдээ хүргэлтийн хүнсний татан авалт хэвийн учраас ямар нэг байдлаар бараа бүтээгдэхүүний нөөц дуусах асуудал байхгүй. Үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа газар ч байхгүй. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бидний хувьд Барс, Нарантуул зэрэг газраас хүнсээ татдаг учраас цаад авдаг газрууд бага зэрэг үнээ нэмэх тохиолдол байдаг ч хөөрөгдөлд оруулсан асуудал гараагүй" хэмээн танилцуулсан юм.
Засаг дарга Ч.Раднаабазар: "Орон нутаг, хот хоорондын авто замыг түр хугацаагаар хаасан хэдий ч авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор хүнс, шатахуун, эмийн ханган нийлүүлэлтэд хязгаарлалт тавихгүйгээр нэвтрүүлж байгаа. Тийм учраас ямар нэг хэлбэрээр хүнсний хомсдол үүсэх асуудал гарахгүй учраас иргэдэд энэ талаар мэдээлэл өгч ажиллах хэрэгтэй гэдгийг дурдаад ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж халдварын эсрэг хүн бүр хичээх ёстойг уриаллаа.
Ямартай ч хүнсний зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц дууссан, хомсдол үүссэн асуудал гараагүй, бараа татан авалт хэвийн үргэлжилж байна.
