Налайх дүүрэг

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА ЗАРИМ ЗОРЧИГЧИД АСУУМЖАА ҮНЭН БОДИТОЙ ӨГӨХГҮЙ ЦААРГАЛАХ ЗЭРЭГ АСУУДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА

Дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар Оргил Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр орон нутаг, хот хоорондын авто замыг 03 сарын 16-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хаасан. Тус товчоонд өнөөдрийн 17 цагийн байдлаар 20 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн хяналт тавьж ажиллаж байна.

Товчоогоор 13А маягттай болон нэвтрэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй буцааж байна.
Мөн улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу хүнс, шатахуун, эм тээврийг нэвтрүүлж байгаа хэмээн Цагдаагийн байгууллагаас илтгэлээ.

Эрүүл мэндийн байгууллагын зүгээс зорчигчдын биеийн халуун хэмжин, асуумжаар судалгаа авч ажиллаж байна.

Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар энэ үеэр зарим иргэн, албан байгууллагаас Онцгой комисст хандивласан бүтээгдэхүүн, амны хаалт зэргийг халуун цэгт нь ажиллаж байгаа албан хаагчдад гардуулан өгч, өөрсдийнхөө аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарч байхыг санууллаа.

Нийтийн тээвэр одоогоор хэвийн үйлчилж байгаа бөгөөд зарим тохиолдолд зорчигчид нь албан хаагчдын шаардлага биелүүлэхдээ цааргалах, асуумжаа үнэн зөв өгөхгүй зэрэг асуудал үүсэж байгаа гэдгийг албан хаагчид хэлж байв.
Иймд иргэд та бүхнийг шалган нэвтрүүлэх товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хүндэтгэн, тавьсан шаардлагыг нь биелүүлэн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэхийг уриалж байна.
Дашрамд мэдээлэхэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ албан газрын үнэмлэх, бичиг баримтаа шалгуулж, онцын шаардлагагүй бол зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулья.

Хуваалцах: