Налайх дүүрэг

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭН ХАНДИВ ӨРНҮҮЛЖ БАЙГАА АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДДЭЭ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ

Ковид-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлууд эрчимтэй хийгдэж байна.
Дүүргийн хэмжээнд 4 хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо ажиллаж чиг үүргийн байгууллагын албан хаагчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа бол, ЗДТГ-т 24 цагаар шуурхай штаб ажиллаж байна. Мөн дүүргийн найман хорооны нутаг дэвсгэрт төрийн албан хаагчид гудамж талбайгаар эргүүлээр ажиллаж байна.

Ковид-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд идэвхийлэн оролцож, амны хаалт, дархлаажуулалтын болон ариутгал халдваргүйжүүлэлтын бүтээгдэхүүн, бэлэн мөнгөн хандив өгсөөр байна.
2 болон 4 дүгээр хорооны ажлын алба, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль, 152, 140, 123 дугаар цэцэрлэг, Татварын хэлтэс, Спорт хороо, Монголын зүүний хүчний холбооны Налайх дахь салбар, Эрдэнэговь ХХК, Хашгүүр ХХК, 3-р хорооны намын үүрийн эмэгтэйчүүдийн холбоо, Нэгдүгээр хорооны өндөр настан н.Лхамсүрэн нарын иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд дүүргийн Онцгой комисст эд материалын болон мөнгөн тусламж үзүүллээ.
Эрдмийн Оргил цогцолбор сургуулиас багш нарынхаа дунд аян өрнүүлж 2.270.000 төгрөгний дэмжлэг үзүүлжээ.
Улсын Онцгой комисс, Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн хүрээнд ирүүлсэн мөнгөн хандивыг тусгай данс нээж төвлөрүүлж, журмын дагуу зарцуулах бол эд материал болох амны хаалт, гар ариутгагч, аарц, чацаргана зэрэг дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны алба хаагчид болон хорооны ажлын алба, эргүүлээр дамжуулан зорилтот бүлгийн иргэдэд хүргэж байна.

Халдварын эсрэг хүчээ нэгтгэн хандив, тусламж өрнүүлж байгаа иргэдээ талархлаа илэрхийлье.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Хуваалцах: