Налайх дүүрэг

ГУДАМЖ ТАЛБАЙД 1600 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЭРГҮҮЛ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Налайх дүүргийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/62 дугаар захирамж гаргасан.
Дүүргийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ч.Раднаабазар 03 сарын 17-ны өдөр дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж, дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, эргүүл, хяналтын үйл ажиллагаатай танилцан, зарим үүрэг чиглэлүүдийг өглөө.


Тус хорооны Засаг дарга О.Нямсүрэн танилцуулахдаа: "Хорооны нутаг дэвсгэрт байгууллагууд хуваарийн дагуу эргүүл, хяналтын үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж байна. Нэг үеэ бодвол иргэд гудамжинд нус цэр, шүлсээ хаях элдэв зөрчил гаргах нь илт багассан. Мөн амны хаалтыг ч иргэд хэрэглэж хэвшсэн байна. Бид гудамж талбайгаараа явж иргэдийг орчны хог хаягдлаа цэвэрлэхийг сануулсан" гэв.

Дээрх захирамжийн хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагаас эхлэн 03 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн Шуурхай штаб ЗДТГ-т байрлан 28 удаа ээлж солилцож үүрэг гүйцэтгэн, хяналт тавьж байна.

Мөн нийтийн эзэмшлийн талбайд биеэ зөв боловсон авч явах, орчныг бохирдуулахгүй байх чиглэлээр дүүргийн 8 хороодын нутаг дэвсгэрт төрийн өмчийн болон харьяа хэлтэс албадаас томилгоожсон 1616 алба хаагчийг хуваарьт оруулан 10:00-20:00 цагийн хугацаанд 8 хорооны гудамж талбайд үүрэг гүйцэтгэн ажиллаж мэдээг өдөр бүр 21:00 цагт нийслэлийн шуурхай штабт хүргүүлэн ажиллаж байна.
Иймд иргэд та бүхнийг хариуцлагаа улам өндөржүүлэн, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэн, халдварын эсрэг хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Хуваалцах: