Налайх дүүрэг

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДААС УРЬДЧИЛСАН СОРИЛГО ШАЛГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Ковид-19 халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, 12 дугаар анги удирдсан багш нарыг хүлээн авч уулзан, санал солилцлоо.

"Сурагчид цахимаар буюу тв хичээл үзэж байгаа энэ цаг үед эцэг эх, багш, сурагчдын гурвалсан холбоог илүү нягтруулж, хяналтаа маш сайн тавьж ажиллах нь чухал. Өнөөдөр хэдийгээр хөл хорио тогтоосон ч хүүхдүүд маань мэдээллийн энэ эрин зуунд цахимаар, алсын зайнаас ч боловсрол эзэмших боломжтой юм байна гэдгийг ойлгож байгааг нь бас давуу тал гэж харж болно. Гэсэн хэдий ч Монголын хувьд энэ нь шинэ зүйл учраас хүүхдүүдээ хоцрогдолгүй хичээлээ үзэж ойлгоход нь томчууд бидний хяналт, дэмжлэг маш чухал юм. Нэн ялангуяа 12 дугаар анги төгсөгчдийн хувьд илүү хариуцлагатай байж, хөл хорионы энэ үед ч хичээл сурлагандаа илүү анхаарч, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэх нь чухал байна. Тийм ч учраас та бүхний санал бодлыг сонсохоор энэ уулзалтыг зохион байгуулж байна" гэв.

Энэ жилийн хувьд төгсөх ангийн 11 бүлэгт 251 хүүхэд суралцаж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 83 хүүхдээр өссөн байна.
233 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан судалгаа байна. “Эрдмийн оргил” цогцолбор сургууль өнгөрсөн хичээлийн жилд 34 хүүхэд байсан бол энэ хичээлийн жилд 100 хүүхэд буюу 3 дахин өссөн. Багш нар 12 дугаар ангийн хүүхдүүдтэй судлагдахуун тус бүрээр чат групп нээн ажиллаж байна. Эцэг эхтэй утсаар холбоо тогтоон гурвалсан холбоогоор ажиллаж байна.
Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтыг дүүрэгтээ зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэж ажил хангаж байна гэж дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал мэдээллээ.

Энэхүү уулзалтын хүрээнд төгсөх ангийн сурагчдаас урьдчилсан сорилго шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар санал солилцон, яаралтай судалж, бэлтгэл ажлыг хангахаар боллоо.

 

 

Хуваалцах: