Налайх дүүрэг

АЮУЛТ ӨВЧНИЙ ЭСРЭГ ӨДӨР ШӨНӨГҮЙ ХИЧЭЭН ЗҮТГЭЖ БАЙГАА НИЙТ АЛБАН ХААГЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Дэлхийн 160 гаруй оронд тархаад буй аюулт цар тахал өвчний эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд нойр, хоолоо умартан ээлжгүй жижүүрлэж буй албан хаагчид бол энэ цагийн эгэлгүй гавьяатнууд мөн билээ.

Ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа албан хаагчдын баярын өдөр хэдий ч тэд үүргээ биелүүлж, аюулт өвчний эсрэг хичээн ажилласаар байна.

Монгол цэргийн баярын энэ өдөр Оргил Налайх постонд жижүүрлэж байгаа албан хаагчдынхаа ажил байдалтай дүүргийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-т байрлах Шуурхай штабын өнөөдрийн ахлагч А.Туяабаатар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар танилцлаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: "Аюулт цар тахал өвчний эсрэг 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байгаа та бүхэндээ дүүргийнхээ нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. Хүн бүр хариуцсан ажилдаа хичээн зүтгэж байж аюулт тахлын эсрэг сөрж зогсож чадна. Та бүхний ард буй гэр бүл, үр хүүхдэд нь Онцгой комиссын нийт гишүүдийн нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Хот, дүүрэг, гэр бүлийнхээ ноён нуруу, үр хүүхдийнхээ өмөг түшиг болж яваа олон мянган аавуудтай мөр зэрэгцэн энэ хүйтэн салхинд хүн нэг бүрийн халуун хэмжиж дагжин зогсоо бүсгүйчүүдээрээ ч бид бас бахархах учиртай юм шүү" хэмээгээд дүүргийн Онцгой комиссын даргын зүгээс өнөөдрийн ээлжинд гарч буй албан хаагчиддаа эргэлт үзүүлж, урам хайрлаж байгаагаа илэрхийллээ.

Налайх дүүргийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн төв, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудаас 130 гаруй алба хаагч 3 ээлжинд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж, зорчигчдын биеийн дулааныг хянаж нийслэл рүү нэвтрүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, нийт 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 90 орчим мянган зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж тогтмол хяналт тавин ажиллажээ.

Аюулт цар тахал болсон ковид-19 вирусын халдварын эсрэг хамтдаа улам илүү хичээцгээе.

ДҮҮРГИЙНХЭЭ НИЙТ ЭРЧҮҮДДЭЭ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

 

 

Хуваалцах: