Налайх дүүрэг

ХОЁРДУГААР ХОРООНЫ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛАХААР БОЛЛОО

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй хоёр давхар цагаан байрнуудыг үе шаттай дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэлээ.
Эхний ээлжинд хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар байрнуудыг буулган 126 айлын хоёр блок 9 давхар орон сууц барихаар боллоо.
Уг асуудлаар өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгуулагдав.


Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар нарын албаны хүмүүсээс гадна дээрх байрнуудын оршин суугчдын төлөөлөл оролцож, уг төслийн талаар мэдээлэл, санал солилцлоо.

Дараагаар нь хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид дахин төлөвлөлтөд орох орон сууцнуудаар орж танилцаж, газар дээр нь ажиллан, НОСК-ийн холбогдох мэргэжилтнүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ: "1950-аад оны үед баригдсан эдгээр орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулж, иргэд оршин суугчдын аятай тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх эхлэлийг тавьж байна. Энэ ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоо гагцхүү иргэд оршин суугчдад мэдээлэл хүргэж, харилцан тохиролцон яаралтай ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн Орон сууцны корпораци болон дүүргийн удирдлагууд энэ асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай" гэв.


126 айлын хоёр блок 9 давхар орон сууц баригдсанаар хоёрдугаар хорооны 24, 25, 26, 27, 29, 30 гэсэн 6 байрны 70 гаруй айл өрх орон сууцтай болох юм.
Цаашид Налайх дүүргийн төвийн уг хэсэгт үе шаттайгаар орон сууцны шинэ хороолол баригдахаар төлөвлөгдөж байна.

 

 

Хуваалцах: