Налайх дүүрэг

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД МОБИКОМЫН 99 GB ДАТА ЭРХТЭЙ ДУГААРТАЙ БОЛЛОО

Үүрэн холбооны оператор болох Мобиком корпорациас нийгмийн хариуцлагын хүрээнд Налайх дүүргийн ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн төгсөх ангийн 250 гаруй хүүхдэд 99 GB дата эрхтэй шинэ дугаар бэлэглэлээ.

Олон хүнийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхийг хориглосон учраас Голомт, Эрдмийн оргил, 119 дүгээр сургууль, 103 дугаар сургуулийн захирлуудад дата эрхтэй дугаарыг Засаг даргын орлогч Х.Анхбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар Мобиком корпорацийн бүсийн менежер У.Одбаярын хамт гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Засаг даргын орлогч Х.Анхбаяр хэлэхдээ:

"Дэлхий нийтийг цочроогоод буй Ковид-19 цар тахлын халдвараас шалтгаалан ЕБС-ийн сурагчид цахимаар хичээлээ үзэж байна. Тэр дундаа төгсөх ангийн сурагчдын хувьд илүү хариуцлагатай байж, цахим орчинд хичээлээ давтах, багштайгаа мэдээлэл солилцох, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байсан. Дүүргийн зүгээс Засаг даргын нэрэмжит сорилго шалгалт болон бусад ЭЕШ-ийн бэлтгэлийг цахимаар түлхүү хангах бодлого барьж байсан.
Энэ хүнд цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төгсөх ангийн сурагчдад дата эрхтэй дугаар бэлэглэсэн Мобиком корпорацийн хамт олонд нийт төгсөгч хүүхдүүд, тэдний эцэг эх, багш нарынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.
Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэж буй сурагчиддаа амжилт хүсэж, цахим орчинд үр бүтээлтэй байж, амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 

Хуваалцах: