Налайх дүүрэг
Налайх дүүрэгт Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв байгуулагдсан.
Тус үйлдвэрт ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газарт 58 иргэний материалыг хүргүүлсэн.
Тус иргэдээс ярилцлага болон оёдлын машин дээр даалгавар өгч гүйцэтгүүлсэн ба сонгон шалгаруулалтад 23 иргэн тэнцсэн байна.
Эдгээр тэнцсэн иргэдэд мэдлэг, чадвар олгох сургалтыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа н.Болдбаатар нар оролцсон юм.

Хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төвд ажиллах иргэд нь мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай учраас ажлын байран дахь аюулгүй ажиллагаа, харилцаа, хөдөлмөрийн харилцаан дахь хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг олгох үүднээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл” сэдвээр Монгол Улсын зөвлөх инженер н.Содномдаржаа, “Ажлын байран дахь соёл, харилцаа” сэдвээр Улаан загалмайн хорооны дарга Б.Цогзолмаа, “Хөдөлмөрийн харилцаа” сэдвээр Хуульч, өмгөөлөгч, Налайх дүүрэг дэх Өмгөөлөгчдийн Холбооны тэргүүн Б.Чулуунгэрэл нар мэдээлэл хүргэсэн юм.
Мөн Эрүүл мэндийн төвтэй хамтран сургалтад хамрагдсан иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрууллаа.


