Налайх дүүрэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр 10 шар байрнуудын шугам сүлжээний өргөтгөл, гаднах тохижилтын ажлыг шалгалаа.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2 болон 8 дугаар хорооны 33, 42-47, 56-61, 63-67 байрнуудын гадна ханын дулаалгын ажил хийгдэж эхлээд байна.

Мөн 8 дугаар хорооны 48-67 дугаар байрны гадна дулаан, цэвэр ус, хэрэгцээний халуун усны шугамын шинэчлэлийн ажлыг 2019 оны 11 дүгээр сард гэрээ байгуулсан "Сагсай өргөө" ХХК хийж гүйцэтгэж байна.
Гүйцэтгэгч компанийн хувьд шугам сүлжээний ажлыг хийх явцдаа байрны гаднах талбайд хог шороогоо овоолж, нүх ухсан нь иргэд, оршин суугчдын явах замд эрсдэл үүсгэж, саад учруулж болзошгүй байгааг хотын Захирагч шүүмжиллээ.

Аливаа ажлыг хийхдээ иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байхад анхаарч ажиллах ёстойг сануулж, уг асуудлыг цэгцэлж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон дүүргийн удирдлагуудад санууллаа.

