Налайх дүүрэг

ЗАРИМ УУЛЗВАРУУДЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд байнгын хяналт дор эрчимтэй хийгдэж байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны Төмөр замын 5 шар байшин хүртэлх 4,4 км авто замын барилгын ажил дуусах шатандаа ороод байна.

Тус ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Захирагчийн ажлын албаны дарга А.Туяабаатар нар танилцлаа.

Замын ажлыг ЗБИБ ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгө хучилт болон ус зайлуулах хоолой, цагаан шугамын ажлыг хийж зорчих хөдөлгөөнийг зарим хэсгүүдэд нээж эхэлсэн гэдгийг танилцуулсан юм.
Удахгүй явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажлууд хийгдэж эхлэх юм.
Одоогоор Буян Налайх, Найрамдлын гудамжны уулзвар, МТ шатахуун түгээх станц, 4 дүгээр хорооны Нисэхийн хороо, 3, 4 дүгээр хорооны голын замын уулзваруудын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.
06 дугаар сарын 10 гэхэд замын нэгдүгээр хэсэг буюу Петровис ШТС-аас 3 дугаар хорооны Дэнжийн склад хүртэлх авто замын зорчих хэсгийг бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Иргэдийн төлөөлөл энэ үеэр дүүргийн удирдлагуудтай уулзаж, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

Дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөлтөд орсон зарим барилга, обьектыг яаралтай буулгаж, ажил эрчимтэй хийгдэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгалаа.

Үргэлжлэн дуусгаагүй тохижилтын ажлууд хийгдэх тул жолооч, иргэд, зорчигч та бүхнийг авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

 

Хуваалцах: