Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН БАРИГДАХААР ШАВ ТАВИЛАА

Налайх дүүргийн нутгийн удирдлагын ордны шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нарын дүүргийн удирдлагуудаас гадна хороо, байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.


Одоогийн дүүргийн нутгийн удирдлагын ордны барилгыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 сарын 27-ны өдрийн 252 дугаар захирамжаар хэсэгчлэн худалдан авчээ.
ЗДТГ-ын одоогийн барилга нь 1978 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж ашиглалтад орсон бөгөөд өдгөө нэг давхрын зарим хэсэг нь хувийн өмч юм.
ЗДТГ-ын хамаарагдах талбайд дүүргийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Статистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, дүүргийн Архив зэрэг байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.


Тиймээс төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж үргүй зардал гаргадаг төрийн байгууллагуудыг нэгтгэх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийн баталгааг хангах үүднээс 7 дугаар хороонд Нутгийн удирдлагын ордны барилгын ажлыг өнөөдрөөс ийнхүү эхлүүлж байна.
Энэ жилийн хувьд нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд 2022 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.


Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр "Рино Инженеринг" ХХК ажиллах юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уг ажлыг төлөвлөлтийн дагуу хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг сануулаад ажлын амжилт хүслээ.

 

Хуваалцах: