Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 1-Р ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Баянзүрхийн хэсгийн 20 га талбайг хамарсан 200 нэгж талбарт хэрэгжих инженерийн дэд бүтцийн төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, төсөл хэрэгжүүлэгч “Төгс шийдэл хийц” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Батдэлгэр нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна иргэдийн төлөөлөл оролцлоо.

Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилгад суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх зорилгоор 200-300 нэгж талбарт инженерийн дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 118 дугаар тогтоолоор дэд бүтцийн төсөл хэрэгжих 16 байршил батлагдаж, эхний байршил нь Чингэлтэй дүүрэгт хийгдсэн бол энэ удаад Налайх дүүргийн 1-р хорооны Баянзүрхийн хэсгийн 6-16 дугаар гудамжны 20.0 га газрыг хамруулан инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжихээр өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна.


Уг төслийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
• Дулаан хангамж: Бие даасан байдлаар цахилгаан халаалтаар айл бүрт шийдэх
• Усан хангамж: Налайх дүүргийн төвийн шугам сүлжээнд холбох
• Ариутгах татуургын хангамж: Налайх дүүргийн төвийн шугам сүлжээнд холбох
• Цахилгаан хангамж: Төвийн шугам сүлжээнд холбох
• Тохижилтын ажил: Жишиг гудамж тохижуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 сарын 24-ний өдрийн А/398 тоот захирамжаар нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт тус төслийг хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжин ирсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгч компани шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, “Төгс Шийдэл Хийц” ХХК шалгарч, ажил нь эхэлж байна.


Тус компани нь 2013 онд байгуулагдсан, барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хувийн хэвшлийн дотоодын болон гадны хөрөнгө оруулалттай төслүүд дээр үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ удаа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн тус төсөлд шалгарсан байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Налайх дүүргийн 1 хорооны Баянзүрх хэсгийн 201 айл өрх халуун хүйтэн ус, цахилгаан дулаанд холбогдохоос гадна бохир усны шугамд холбогдоно. Мөн төслийн хүрээнд ариутгах татуургын шинэчлэл, цэвэр усны шугамын өргөтгөлийг хийх бөгөөд ингэснээр дүүргийн хэмжээнд тулгамдаад байгаа инженерийн дэд бүтэцтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой болох юм.

Хуваалцах: