Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД 7,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Налайх дахь Алтан гадас одонт МСҮТ-ийн өргөтгөлийн шав тавих ёслолын үйл ажиллагаа 06.22-нд боллоо.
Тус үйл ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга, МСҮТ-ийн ТУЗ-ийн дарга Ч.Раднаабазар, Азийн хөгжлийн банкны төслийн удирдагч н.Нямдорж, Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал н.Уранчимэг, Нутгийн буян группын төслийн захирал н.Шинэмөнх, Налайх МСҮТ-ийн захирал Мөнхбат тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид, багш нар оролцлоо.

ХНХЯ-ны “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 7,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэхүү төсөл хэрэгжих юм.
Төслийн хүрээнд:
2 давхар дадлагын байр,
Хүнд машин механизмыг байрлуулах авто граж,
Хүнд машин механизмын дадлагын талбайг барьж байгуулах юм.
Ингэснээс авто замын үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн төв бүхий сургууль болон өргөжиж, шинээр гурван мэргэжил нээнэ.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нутгийн буян” групп шалгарсан бөгөөд ирэх 10 дугаар сард багтаан барилгыг ашиглалтанд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй юм байна.
Дүүргийн Засаг дарга, МСҮТ-ийн ТУЗ-ийн дарга Ч.Раднаабазар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны хамт олонд дүүргийн ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлээд ажлын амжилт хүслээ.

Зөвхөн барилга байгууламжаас гадна төслийн хүрээнд шинээр нээгдэх гурван мэргэжлийн дадлагын тоног төхөөрөмж, авто замын лаборторийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан бөгөөд тун удахгүй экскаватор, бульдозер, автогредер, асфальт хучигч, индүү, дугуйт ачигч, сэрээт ачигч гэх мэт 9 төрлийн хүнд машин механизмыг хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм байна.
Ингэснээр багш сурагчид бодит техник дээр дадлагажих, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Дашрамд дурдахад Боловсролын магадлан итгэмжлэлийн удирдах зөвлөлийн шийдвэр өнөөдөр гарах юм. Ингэснээр манай сургууль магадлан итгэмжлэгдсэн сургууль болж байна гэдгийг тус сургуулийн захирал н.Мөнхбат яриандаа онцоллоо.

 

 

Хуваалцах: