Налайх дүүрэг

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол өнгөрсөн 04 дүгээр сард Налайх дүүрэгт болсон.

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан гэдгийг шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд онцолж байсан.
Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар "Таван Толгой түлш" ХК-ийн Хүний нөөцийн албаны төлөөллийг хүлээн авч уулзан, дүүргийн иргэдийн ажлын байраар хангах асуудлаар санал солилцлоо.

Налайх дүүргийн зүгээс ажилгүй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд "Таван Толгой түлш" ХК-иас ирүүлсэн ажлын байрны захиалга мэдээллийн дагуу иргэдийг зуучлах ажлыг зохион байгуулна гэдгээ дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцоллоо.
"Эхний ээлжинд 600-гаад хүний ажлын байр гарч байна. Цаашид нэмэгдэнэ" гэж "Таван Толгой түлш" ХК-ийн Хүний нөөцийн албаны төлөөлөгчид танилцууллаа.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд 11 дүгээр сард ашиглалтад орох юм.

Ирэх өвөл Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн 9 дүүрэгт түүхий нүүрсийг бүрэн хориглох юм. Шинээр баригдах үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 гаруй хувиар бууруулах боломжтой аж.

Хуваалцах: