Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл 4.4 км авто замын эхний хэсэг буюу Бөмбөрцөгтэй уулзвараас Буян Налайхын уулзвар хүртэлх 1.2 км хүртэлх зам ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Авто замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Авто замын хөгжлийн газрын дарга н.Индра нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тус бүтээн байгуулалтын ажил хоёр хэсэгт хуваагдан хийгдсэн бөгөөд Буян Налайхын уулзвараас 3 дугаар хорооны Төмөр замын 5 шар байшин хүртэлх хэсэг 06 дугаар сард ашиглалтад орж, зорчих хэсгийг нээсэн бол, өнөөдөр ийнхүү Бөмбөрцөгтэй уулзвараас Буян Налайхын уулзвар хүртэлх 1.2 км хүртэлх замыг ашиглалтад оруулж байна.
Нийслэлийн төсвийн 4, 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг ЗБИБ ХХК хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулж байна.
07 дугаар сард бусад ажил болох явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажлууд хийгдэх юм.
Дашрамд дурдахад Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замыг оролцуулан 40 орчим км замыг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулсан байна.
Жолооч, зорчигч та бүхнийг авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.
АЯНЫ АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.