Монголын тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Налайх дүүргийн түүхт 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан үзэгчгүйгээр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хүчит 128 бөхийн барилдааныг Онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэлийг сахиж, үзэгч дэмжигчгүйгээр нэг өдрийн хугацаанд зохион байгуулсан юм.
Энэ жилийн наадамд гурван шинэ цолтон төрж, нэг бөх чимэг нэмлээ.
Налайх дүүргийн харьяат аймгийн заан П.Эрдэнэбаяр түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол, 350 дугаар цэргийн ангийн бөх, сумын заан н.Бямбадорж үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.
Дүүргийн Спорт хорооны бөх сумын заан М.Кажымукан шөвгөрч аймгийн начин цол хүртсэн бол, аймгийн начин н.Балжинням нэмэх начин болж чимэг нэмлээ.
Шинээр цол авсан бөхчүүдэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд болон бөхийн комиссоос цол тэмдэг, шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.