Налайх дүүрэг

УУРХАЙЧДЫН АЛДРЫГ МӨНХЖҮҮЛСЭН "ДУУДЛАГА" НЭРТЭЙ ОРОН ЗАЙН БАРИМАЛ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭН БОСНО

Өнгөрсөн онд ашиглалтад орсон Улаанбаатар-Налайхыг холбосон 20,9 км авто замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Уурхайчдын зам” гэж нэршсэн.

Багануур, Налайх дүүргийн үе үеийн уурхайчдын алдрыг хүндэтгэн ийнхүү нэрийдсэн байна.

Мөн өнгөрсөн онд уурхайчид санаачилга гарган, Налайхчуудын олны дэм хүчээр дэмжсэнээр цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулж чадсан билээ.

Тэгвэл энэ удаад Уурхайчдын алдар цууг мөнхжүүлсэн нэгэн бүтээл Уурхайчдын замын хажууханд сүндэрлэн босох гэж байна.

20м өндөр ,30м урттай "ДУУДЛАГА” нэртэй ган төмөр, орчин үеийн орон зайн баримал хөшөөг Налайхын унаган хүү, "далны" хэмээн алдаршсан дуучин, сийлбэрч Т.Баттогтох санаачилан, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд уухайлан дэмжиж, хандив тусламжаа өрнүүлсээр байна.

Дуучин, Сийлбэрч Т.Баттогтох хэлэхдээ: "Та бидний аав, ээж, ах, эгч нарын залуу насаараа босгосон, дал мөрөндөө уулыг өргөн, улсын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэсэн, хөдөлмөрийн ууган баатарууд, гавьяатуудыг төрүүлсэн, Налайхын нүүрсний их уурхайн 100 жил болон, Налайхынхаа түүхэн дурсгалд зориулж энэ сайхан нутагт төрсөн хүү, уран бүтээлчийн хувьд шинэ зууны хөгжил дэвшилийг урин дуудаж, энэхүү бүтээлээ босгох гэж байна. Энэхүү орчин үеийн түүхэн барималыг Налайхчуудын минь ариун цагаан хөдөлмөр шингэсэн хандиваар босгох юм.

Налайхчууд та бүхний минь хандиваар босох энэхүү бүтээл нь шинэ зууны Налайхчуудын оюун сэтгэлгээний ба хөгжлийн зуу, зуун жилийн дүр төрх, гэрэлт үүд хаалга, дурсгал болон сүндэрлэх юм" гэдгийг онцоллоо.

Их уурхайн дурсгалыг мөнхжүүлсэн "Ударник хүрэн морь"-ны хэлбэр бүхий баримал хөшөөг бүтээн босгоход та бүхнийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Хандив данс: Хаан банк-5003434495

Хүлээн авагч: Т.Баттогтох

Хуваалцах: