Энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ.
Алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна.
Өнгөрсөн удаад Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр болох "Таван толгой түлш" ХХК-д нээлттэй ажлын байр зарлагдаж, 250 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдсан бол энэ удаад ажилд орох хүсэлт гаргасан 100 иргэнд "Таван толгой түлш" ХХК-иас сургалт зохион байгуулж, шалгалт авснаар 80 гаруй иргэн тэнцэж ажлын байртай болох нөхцөл бүрдээд байна.
Сургалтад хамрагдсан иргэдтэй дүүргийн Нийгэм, эдийн засгийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр уулзаж, та бүхэн маань байнгын ажлын байртай тогтмол цалинтай болсноор өрх, гэрт гарах өөрчлөлт, дэвшил цаашлаад дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахыг дурьдаад, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Энэ үйлдвэр баригдсанаар шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам ашиглалтад орно. Үе шаттайгаар бүрэн хэмжээнд нь арваннэгдүгээр сард багтааж ашиглалтад оруулахаар зорилт тавьж байна.
Шинээр баригдаж байгаа үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж.