Налайх дүүрэг

109 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ, БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨЖЛӨӨ

Налайх дүүргийн 3 дугаар хорооны 109 сургуулийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтанд орж өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Т.Аюурсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико болон бусад албаны зочид төлөөлөгчид, сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Өргөтгөлийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар Ивата Чизаки-Дай Ниппон хамтарсан түншлэл болон Мухиа ХХК хамтран гүйцэтгэж, ийнхүү ашиглалтад оруулан, хүүхэд багачууд маань шинэхэн эрдмийн өргөөндөө суралцаж байна.

Анх 2006 онд 240 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн 109 дүгээр сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилээс бүрэн дунд сургууль болон өргөжиж, 1-12 дугаар ангийн 870 гаруй суралцагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Япон улсын хөрөнгө оруулалтыг татаж, олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн тохилог анги танхим, сургалтын бааз суурь, хэрэглэгдэхүүн бүхий жишиг өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар Налайх дүүргийн 3, 4-р хорооны дунд, ахлах ангийн 500-аад хүүхэд 3-5 км явж байж хичээл сургуульдаа очдог байсан цаг ийнхүү ард хоцорч байна.

Хуваалцах: