Налайх дүүрэг

“АВТОБУСТАЙ АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ “АВТОБУСТАЙ АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханы санаачилгаар “Автобустай танилцах аялал”-ыг Налайх дүүргийн 8 хорооны 800 орчим иргэдийг хамруулан тус дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Өнгөрсөн жилүүдэд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон Налайхын Барилгын материал үйлдвэр технологийн парк, “Таван толгой түлш” зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулах зорилготойгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

2016-2020 онд Налайх дүүрэгт нийт 119 тэрбум 964,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна.

Энэ хичээлийн жилд л гэхэд тус дүүрэгт шинээр 2 цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж байна. Хоёр шинэ цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 320 гаруй хүүхдийг энэ хичээлийн жилд СӨБ-д хамруулж байна. Ингэснээр 68,3 хувьтай байсан хамрагдалтыг 20 орчим хувиар нэмэгдүүлж, 82,7 хувьд хүргэжээ.

Мөн Налайх-Чойрын чиглэлийн автозамын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад оруулсан.

3 дугаар хорооны Замчин хэсгийн 1 км автозам болон 7 дугаар хорооны Бадралын 18 дугаар гудамжны автозамыг ашиглалтад оруулсан. Авто зам 2015 оны суурь түвшингээс 99%-иар, явган зам 74%-иар өсөн нэмэгдсэн байна. Мөн 10850м дугуйн зам, 4600м2 авто зогсоол шинээр тавигджээ.

“Жайка” ОУБ-ын дэмжлэгээр Налайх дүүргийн 3 дугаар хорооны 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн ажил хийгдэж, бүрэн дунд сургууль 1-ээр нэмэгдэж, 600 хүүхэд хүлээн авах боломжтой болсон.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг эхлүүлж, 2 дугаар хорооны 26, 27 дугаар байрны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна.

Эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд тайлагнаж танилцуулахын зэрэгцээ Налайхын Барилгын материал, үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагаатай иргэдийг танилцууллаа.

Тус паркад 40-50 үйлдвэр байгуулах хүчин чадалтайгаас 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, 8 үйлдвэр барилга угсралтын шатанд 2 үйлдвэр үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Дээрх 8 үйлдвэр ашиглалтад орсоноор 500 гаруй иргэд ажлын байраар хангагдана.

Үйл ажиллагаа нь жигдэрсэн 2 үйлдвэр нь дүүргийн харьяалалтай 102 иргэнийг байнгын ажлын байр, 20 иргэнийг түр ажлын байраар хангаж байна.

Дараагаар нь Таван Толгой түлш зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь танилцууллаа.

Таван Толгой түлш зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нь 1000 гаруй хүнийг ажлын байраар хангах хүчин чадалтай.

Шахмал түлш үйлдвэрлэх 8 шугам бүхий 3 блок үйлдвэртэй, Нэг блок үйлдвэр нь цагт 90 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

Жилд дунджаар 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

2020 оны 09 дүгээр сарын байдлаар дүүргийн харьяалалтай 280 гаруй иргэдийг байнгын ажлын байраар хангаж, 100 гаруй иргэд үйлдвэрийн дадлага хийж байна.

Эдгээр томоохон төслүүд болон дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцсан иргэд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

 

 

Хуваалцах: