Налайх дүүрэг

123 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, 123 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгорсүрэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, боловсролын салбарын удирдлагууд, цэцэрлэгийн багш, ажилчид оролцлоо.

Үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "Өнгөрсөн оноос эхлэн энэ асуудлыг хөөцөлдсөний эцэст өргөтгөлийн ажлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Өргөтгөл баригдаж ашиглалтад орсноор нэмж 100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Налайх дүүрэгт хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг шинэчлэх асуудалд жинтэй хувь нэмрээ оруулж буй Япон улсын Засгийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд дүүргийн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Удахгүй дахин нэг шинэ цэцэрлэгээ албан ёсоор ашиглалтад оруулж 150 хүүхдийг хамруулна. Ингэснээр дүүрэгт 350 орчим хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулж чадлаа. Ирэх жилээс СӨБ-ын хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ" гэв.

Будаг нь үнэртсэн шинэхэн барилгын өргөтгөлөө хүлээн авч байгаа 123 дугаар цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах: