Зэвсэгт хүчин болон Хилийн ангиудад алба хааж, хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдсан дайчдыг Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд 2020 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл, Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нандинсүрэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Г.Шинэбаатар, Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад И.Еркегүль нар болон ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцов.
Халагдсан дайчдад “Таван толгой түлш” ХХК, “Мак” евро блок үйлдвэр, “Налгар түшиг” ХХК, “Пийс Стийл групп” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны талаар мэдээлэл хүргэсэн бол, Цагдаагийн хэлтсээс ахлагч бэлтгэх дамжаанд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс мэргэжил олгох сургалтад суралцах талаар санал болголоо.
Дүүргийн “Буян Налайх” телевизид иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албаа хаасан дайчдын төлөөлөл болох байлдагч С.Мөнгөн-Очир үе тэнгийн найз нөхөддөө цэргийн албаны үнэ цэний талаар ярилцлага өгч, уриалга дэвшүүллээ.
Арга хэмжээний төгсгөлд Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат халагдсан дайчдад хандаж баяр хүргэж, амжилт хүслээ.